Монгол улсын Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандан иргэдээс 1099 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирүүлснээс 1009 санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн нь 91,8 хувийн үзүүлэлттэй байлаа. Тайлант хугацаанд тус төвд хандаж байгаа иргэдийн санал, хүсэлтэд төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой асуудал болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, хүүхдийн мөнгө, нүүрс тээвэрлэлт, байгаль орчны бохирдолтой холбоотой асуудал зонхилж хандалт ихтэй байлаа. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2447 иргэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирүүлснээс 2359 санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж 96,4 хувийн үзүүлэлттэй байлаа. Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж бусад аймаг, орон нутгийн байгууллагатай харьцуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь, Ховд аймгийн ЗДТГ иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн тоогоор өндөр үзүүлэлттэй байлаа.